Орос улс Монголыг түүхий эдийн хавсарга гэж үздэггүй
ОХУ болон Монгол улсад эдийн засгийн хамтын ажиллагаанд тус болж буй болон саад болж буй зүйлсийг шинжээчид үнэлэв.
Владимир Путин Халхын голд зөвлөлт-монголын зэвсэгт хүчин японы милитаристуудыг хамтран ялсан ялалтын 85 жилийн ойн ёслолд оролцохоор Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монгол улсад албан ёсны айлчлал хийж байна.
Төрийн тэргүүн нарын яриа хэлэлцээгээр “орос-монголын иж бүрэн стратегийн түншлэлийг цаашид бэхжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэж, мөн олон улс, бүс нутгийн чанартай асуудлуудаар санал солилцохыг Кремлийн хэвлэлийн албанаас мэдээлснээр тодотгосон юм. Мөн хоёр талын хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Айлчлалын анхаарлын төвд хоёр улсын худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилт мөн багтав. 2022 онд хоёр улсын хоорондох бараа эргэлт түүхэн 2,6 тэрбум ам.долларт хүрчээ. 2023 онд талууд энэ үзүүлэлтийг 3 тэрбум ам.долларт хүргэх тооцоотой байсан (шинэчлэгдсэн статистик одоогоор байхгүй байна).
Үүний сацуу ПИР-Центрийн шинэ тайлангаас үзвэл, «Монгол улс нөөцийн төлөөх өрсөлдөөний шинэ төв болохын хувьд: цөмийн эрчим хүчний, ашигт малтмалын олборлолт, ашиглалтын салбар дахь орос-монголын хамтын ажиллагааны хэтийн төлөв, Москва болон Улаанбаатарын бусад олон салбар дахь хамтын ажиллагааг илүү эрчимтэй хэлэлцэх боломжтой байна.
Тайланг зохиогчид нь ПИР-Центрийн эрдэм шинжилгээний ажилтан Роман Калинин, Эрхүүгийн нефтийн компанийн геологи, боловсруулалтын ерөнхий мэргэжилтэн Арслан Хатмуллин нар юм.
Монголя улс өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэ цэнтэй байгалийн нөөц ихтэй гэдгийг тэд сануулж байв.
Уулын баяжуулах салбар нь Монголын аж үйлдвэрлэлийн 72 хувь, экспортын 87 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувь, ДНБ-ий 25 хувийг эзэлдэг эдийн засгийн голлох салбар. Ховор болон газрын ховор элементийн нийт нөөц нь 3,1 сая орчим тонн гэж тооцогддог. Эдгээр ордыг ашиглахын төлөө Хятад, Орос, Европын Холбооны орнууд, АНУ, Япон, Өмнөд Солонгос өрсөлдөж байна.
Монгол улс хэдийгээр байгалийн нөөц олборлолтын томоохон төв боловч уул уурхайн салбар төдийгүй бусад томоохон төслүүдийг хөгжүүлэх эрчим хүчний дутагдалтай тулгардаг гэдгийг тэд мөн тэмдэглэжээ. Орос улс Монголын эрчим хүчний салбарын асуудлыг дангаараа шийдвэрлэх боломжтой гэдгийг тайлан илтгэлийг боловсруулагчид мөн дүгнэсэн байна. Орос-монголын харилцааны хүрээнд эрчим хүчний тулгамдсан төсөл нь бага хүчин чадлын атомын цахилгаан станцууд барих явдал юм. Өнгөрөгч долоодугаар сарын сүүлээр “Росатом” корпораци энэ оны гуравдугаар сарын 24-нд гарын үсэг зурсан Бага хүчин чадлын АЦС-ийн “замын зураг”-ийг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа нотолгоог «Монатом»-аас хүлээн авчээ. Монгол улс мөн ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэлтийг дамжуулагч улс болох сонирхолтой байгаа юм.
«Гэвч Монгол улс зөвхөн Орос, Хятадын компаниудтай түншлэх боломжтой гэж үзэхгүй байгаа тул бусад улсаас эрчим хүчний салбартаа хөрөнгө оруулалт татах замаар эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа бөгөөд Орос, Хятад хоёр их гүрний дунд оршдог тус улс “гуравдахь хөрш”-ийн буюу тус улстай шууд хиллэдэггүй эдийн засгийн түншүүддээ тулгуурласан стратеги хэрэгжүүлэхийг эрмэлзэж байгаа юм”, - гэж дээрх шинжээчид бичжээ. Энэ зуур дэлхийн хангамж нийлүүлэлтийн сүлжээ зөрчигдсөн өнөөгийн нөхцөлд өрнөдийн томоохон тоглогчид асар их нөөц баялаг бүхий Монгол улсыг хараачлах болсон. Энэ чиглэлд жинхэнэ геополитикийн тэмцэл өрнөж байна”, - гэж тэдний тайланд өгүүлжээ.
Энд цааш бичсэнээр, ОХУ нь, ЗХУ-ыг задарсаны улмаас хил хязгаар, түүх соёлын нийтлэг байдлаас үл хамааран Монгол улсын хувьд давуу эрхтэй түнш, хөгжлийн чиглүүлэгчийн байр сууриа алджээ.
«Орчин үеийн монголчууд Орос улсыг хавьгүй бага сонирхох болж, Европын Холбоо, АНУ, Өмнөд Солонгосыг үлгэр жишээ болгон авч үзэх нь нэмэгдсэн. Энэ үед Орос улс Монголын чиг хандлагыг идэвхгүй харж суулгүй, өнөөгийн бодит байдлын геополитикийн өгөгдлүүдэд тулгуурлаж ажиллах нь зүйтэй” , - гэж зохиогчид үзэж байна.
Түүхий эдийн нөөцийн талаас Монгол улс ховор металл, литий, зэс, уран, нүүрсний олборлолтын чиглэлд ирээдүйтэй түнш мөн боловч, томоохон хэмжээтэй төслүүд хэрэгжүүлэхэд улстөрийн талаас эрсдэлт хүчин зүйлс бий ажээ. Газрын ховор элементийг олборлоход шаардлагатай дэд бүтэц, эрчим хүчний нөөцийн хүчин чадал дутмаг байдал нь тус улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахад бэрхшээл учруулж байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, Монгол улсын хууль тогтоомжид хөрөнгө оруулагчдын хамгаалах тал дээр дорвитой ажил хийх, газрын ховор элементийг олборлох томоохон төслүүдийг хэрэгжүүлэх явцад хүнд суртлыг арилгах шаардлагатай ажээ.
Энэ хүрээнд Герман, Франц, АНУ, Өмнөд Солонгос зэрэг улс Монгол улсад эрх зүйн орчноо боловсронгуй болгох өөрсдийн загварыг идэвхийлэн санал болгож, улмаар Орос, Хятадыг Монголын зах зээлээс шахан гаргах үндэс суурийг тавьж байна гэж тайланд бичжээ. Үүний зэрэгцээ Орос, Монгол хоёр улсын энэ чиглэл дэх үр бүтээлтэй хамтын ажиллагаанд саад болж буй хүчин зүйлс дунд, дан гадаад бус, дотоод хүчин зүйлс ч бий гэдгийг шинжээчид дүгнэсэн байна.
“Өнөөдөр Монголын талаас Оросын шинжлэх ухааны хөгжил төдийгүй, нийгэм-улстөрийн амьдралд хангалттай анхаарал хандуулахаа больсон байна. Монголоос Орос руу чиглэсэн соёл, аялал жуулчлалын урсгал дутмаг байгаа нь Монголын залуу хүн ам орос хэл мэдэхгүй болж, улстөрчид нь өрнөдийн түншүүдийн тусламжтайгаар Өмнөд Солонгосын эдийн засгийн гайхамшгийг давтахыг гол чиг баримжаагаа болгож байна”, - гэж судалгааг боловсруулагчид тэмдэглэв.
Тэдний үзсэнээр, Орос, Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа эрчим хүч зэрэг чухал салбарт “хурдац багатай, зохих хөрөнгө оруулалтгүйгээр” хөгжиж байна.
ЗСБНХУ-ын үед байгуулагдаж байсныг эс тооцвол Оросын төрийн болон хувийн хэвшлийн томоохон компаниудын байнгын төлөөлөгчийн газар удаан хугацааны туршид Монгол улсад байгаагүй. “Гэхдээ 2024 оны 7 дугаар сард “Росатом” Монголд охин компаниа нээж, тус төрийн өмчит корпорацийн төлөөлөгч хэдийн ажлаа эхэлсэн зэрэг сайн жишээ бий. Энэ алхам нь Оросын бусад корпорацид үлгэр жишээ болох учиртай”, - гэж шинжээчид найдаж байна.
Үүний зэрэгцээ энэ шинжээчдийн үзсэнээр, өрнөдийн тоглогчдын өмнө Оросын “эргэлзээгүй давуу тал нь, “Орос улс Монголыг түүхий эдийн хавсарга гэж үздэггүй байдал юм”. “Орос улс Монголыг эрх тэгш түнш хэмээн үздэг бөгөөд эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэх, АЦС зэрэг бусад төрлийн эрчим хүчийг хөгжүүлэх Монголын хэрэгцээ шаардлагыг “Росатом” төрийн мэдлийн корпорацитай хамтран хангах боломжтой. Монголын талаас ховор металл болон аж үйлдвэрлэлийн бусад чухал ашигт малтмалыг олборлож ашиглах чиглэлд оросын хөрөнгө оруулалт, шинжлэх ухааны хүч нөөцийг ашиглах боломжтой. Үүний зэрэгцээ хил залгаа, түүх соёл дөхүү байдлыг харгалзан авч үзвэл хоёр улсын харилцаа дан эрчим хүчний хүрээгээр хязгаарлагдахгүй”, - гэж баримт бичигт мөн тодотгожээ. Уг тайлан илтгэлийг зохиогчид “Оростой түншлэлээ хөгжүүлэх нь эдийн засагт нь таатай нөлөө үзүүлж, эрчим хүчээ дэмжин, тээврийн дэд бүтцээ хөгжүүлж, худалдаа-эдийн засгийн солилцоогоо нэмэгдүүлэхэд нь тус дөхөм үзүүлнэ гэдгийг монголын талд хүргэх” нь онц чухал гэж үзэж байна.
Энэ бүхэн болон асуудлыг Владимир Путин тэргүүтэй оросын төлөөлөгчид авч үзэх болов уу.
В сюжете: РоссияМонголиядобыча полезных ископаемых