Буриад дахь Байгаль нуурын хоёр эрэгт аялал жуулчлалын төслүүд хэрэгжүүлэх боломжийг Оросын хөрөнгө оруулагч хэлэлцэж байна
Буриадын тэргүүн Алексей Цыденов оросын «РВБ» компанийн төлөөлөгчидтэй аялал жуулчлалын салбар дахь хөрөнгө оруулалтын төслүүд хэлэлцэв.
Буриадын тэргүүн Алексей Цыденов 9 дүгээр сарын 19-ний пүрэв гарагт оросын «РВБ» ХХН-ийн төлөөлөгчидтэй аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалтын төслүүд хэлэлцжээ. Өнөөдрийн байдлаар, хөрөнгө оруулагч «РВБ» ХХН Байгаль нуурын хоёр эрэгт буюу Кабан аймгийн Выдрино тосгонд болон Байгаль орчмын эдийн засгийн тусгай бүсийн нутагт аялал жуулчлалын цогцолборууд байгуулах хувилбарыг судалж байна.
Буриад дахь аялал жуулчлалын нөөц боломжийг хөгжүүлэх боломжуудыг хэлэлцэх явцад «РВБ» ХХН-ийн ерөнхий захирлын туслах Дмитрий Исаченко Байгаль нуурын эсрэг хоёр эрэгт төслүүд боловсруулахдаа усан тээврээр холбогддог аялал жуулчлалын төв цэгүүдийг харгалзан авч үзэж байгаагаа ярьжээ. Ингэснээр аялагчид нэг удаагийн аяллаараа Байгаль хавийн элст наран шарлагын газрууд болон Мамай ууланд очих боломжтой болох юм байна.
Алексей Цыденов «РВБ» компанийн төлөөлөгчдийн саналыг дэмжиж, Бүгд найрамдах улсын зүгээс төслүүдийг хэрэгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхэд бэлэн байгааг тэмдэглэн хэлжээ.
- Бид хөгжлийн төлөө бүхнийг хийх болно. Тухайлбал, бид «Мамай» нутгийг бүс нутгийн чанартай тусгай хамгаалалттай бүс нутагт хамааруулах тухай хэд хэдэн зарлиг боловсруулаад байна. Ингэснээр байгаль орчинд хүний нөлөөтэй үүсэх ачааллыг бууруулж, давхар бизнесийн үйл ажиллагааны зориулалтаар амралт сувиллын бүсүүд бий болгох боломж бүрдэнэ. Бид өөрсдөөс шалтгаалах эрх зүйн бааз суурийг хангах болно, - гэж Алексей Цыденов цохон тэмдэглэв.
Нэмж мэдээлэхэд, хөрөнгө оруулагчид хоёр өдрийн хугацаанд дээрх хоёр газарт очиж, аялал жуулчлалын дэд бүтэц бариулахаар санал болгож буй газруудтай танилцана. Выдрино тосгон нь «Буриадын» хөгжлөөр тэргүүлэх бүс нутаг төсөлд хамрагддаг. Тиймээс уг боломжит хөрөнгө оруулагч удахгүй тус тэргүүлэн хөгжүүлэх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэгч компани болж мэдэх юм.
Улмаар төсөл хэрэгжүүлэх газраа дуудлага худалдаагүйгээр авах, дэд бүтцийн барилгын зардлыг буцаан олгох хэлбэрийн дэмжлэгт хамрагдаж, татварын хөнгөлөлт, “Алс Дорнод болон Арктикийн хөгжлийн корпораци”, ОХУ-ын Алс Дорнод, Арктикийн хөгжлийн яамны зүгээс засаг захиргааны дэмжлэг авах гэх зэргээр Алс Дорнод дахь тэргүүлэн хөгжүүлэх бүсийн хөнгөлөлттэй дэглэмийг ашиглах эрхээр хангагдах юм.