Сүүлийн 30 жилд Мөнххайрхан уулын цас мөсний гуравны нэг нь хайлжээ
Энэ нь бүс нутагт, ялангуяа тус мөнх цаст хайрханаас эх авдаг гол нууруудын байдалд ноцтой өөрчлөлт орох шалтгаан болж болзошгүй юм.
Монголын хоёр дахь өндөр уул Мөнххайрханы мөстлөг сүүлийн 30 жилд гуч гаруй хувиар хорогдсоныг Томскийн Улсын их сургууль болон МУИС-ын Ховд дахь салбарын эрдэмтэд тогтоожээ. Энэ нь тухайн бүс нутагт, тэр дундаа энэ уулын мөнх цаст оргилоос тэжээгддэг гол, нууруудын байдалд ноцтой өөрчлөлт орох шалтгаан болж мэдэх юм” гэж Томск хотын их сургуулийн хэвлэлийн албанаас мэдээлсэн байна.
“Сүүлийн 30 жилд Мөнххайрхан уулын цас мөсний эзлэх талбай 11,66 кв.км-ээр багасжээ. Тухайлбал уулын арын хэсгийн мөнх цасны 22 хувь нь хайлсан бол, цас багатай зүүн, зүүн урд, өмнөд болон баруун өмнө талын мөстлөг дунджаар 47 хувиар хорогдсон байна”,- гэж МУИС-ын Ховд салбарын доцент, Томск хотын Улсын их сургуулийн докторант Д.Отгонбаяр ярьсныг уг мэдээлэлд мөн дурьдсан байна.
Далайн түвшнээс дээш 3600 метрээс нам өндөрт мөстлөгийн хэмжээ эрчимтэй буурч байна. Гучин жилийн дотор эндэх мөстлөгийн бүс 70 хувь хорогджээ. Судалгаагаар, Мөнххайрхан уулын мөстлөгт нөлөөлөгч гол хүчин зүйлсэд агаарын температур, хур тунадас ордог. Хээрийн судалгааны дүнгээр, сүүлийн жилүүдэд аадар бороо хэлбэрийн хур тунадасны хэмжээ нэмэгджээ. Түүнээс гадна өвлийн улиралд олон жилийн дунджаас дулаан болж байгаа хэрнээ зундаа хэт халж, огцом хүйтрэн цас орох зэрэг байгаль цаг уурын гэнэтийн үзэгдэл ажиглагдах болжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, мөстлөг хурдацтай хайлсанаар мөстлөгийн далангуудын бүрэн бүтэн байдал алдагдаж, цаашдаа сэтрэх аюул тулгарч болзошгүй. Урьд нь ч ийм тохиолдлууд гарч байсан. Хүн амины хохирол учраагүй боловч экологийн гамшиг болсон байна. Түүнээс гадна жижиг мөсөн голууд сүйдэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлт хурдсаж байгаагийн дохио болж байна. Тиймээс энэ үйл явцын гол үзүүлэлтүүд мөстлөгийн талбайн өөрчлөлттэй холбогдож байгааг тодорхойлох нь уулархаг нутаг дэвсгэрийн уур амьсгал, эко системийн тогтвортой байдал болон усны нөөцийн удирдлага цаашид хэрхэн өөрчлөгдөх төлөвийг гаргаж, үнэлэхэд чухал үүрэгтэй.
"Мөнх Хайрхан уул бол Монгол дахь мөстлөг, уур амьсгалын өөрчлөлт хэрхэн өөрчлөгдөж байгааг ойлгож тодорхойлоход чухал бүс юм. Дэлхий даяар уур амьсгалын хувьсал өөрчлөлт улам бүр хүчтэй болж байгаа боловч үр дагавар нь газар зүйн байршлаас хамааран бүс нутаг тус бүрт өөр байгаа юм. Тухайлбал, Төв Азийн хуурай цаг ууртай өндөр уулархаг бүс нутгийн эко систем дэлхийн дулааралд онцгой эмзэг юм", - гэж Томск хотын Улсын Их сургуулийн "Биоклимланд" төвийн захирал Сергей Кирпотины ярьсныг дээрх мэдээлэлд иш татан дурьджээ.
Энэхүү судалгааг явуулахад арктикийн экологийн салбарын хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн, Томскийн улсын их сургуулийн болон Шэффилд их сургуулийн эрдэмтэн Терри Каллаган зөвлөхөөр ажилласан байна.
В сюжете: Монголиягораглобальное потепление