Байгаль нуурын зүүн эрэгт 4600 өрөө бүхий амралтын газруудыг Холбооны төслөөр барина
Буриадын аялал жуулчлалын дэд сайд Баярмаа Цыдыповагийн мэдээлснээр, Байгаль далайн эрэгт амралтын газар байгуулахад 54 тэрбум рублийн хувийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна.
Буриадын нутагт, Байгаль нуурын зүүн эрэг дээр нийт 4600 өрөө бүхий хэд хэдэн зочид буудал барих ажлыг “Таван тэнгис ба Байгаль нуур” нэртэй Холбооны төслийн хүрээнд төлөвлөжээ. Буриадын аялал жуулчлалын дэд сайд Баярма Цыдыпова энэ тухай мэдээллээ.
"Шидэт Байгаль нээр” нэртэй амралтын газар байгуулах төслийг гуравдугаар сарын 28-нд ерөнхийлөгчид танилцуулах хуралдаан болж, түүнд Буриадын Бүгд найрамдах улс болон Эрхүү муж оролцсон юм. Нуурын зүүн эрэгт буюу Буриадын нутагт хувийн 54 тэрбум рублийн хөрөнгө оруулалтаар энэ амралтын газрын барих юм. Нийт 4600 амрах өрөөтэй байна.”, -гэж Цыдыпова ярив.
Мөн энэ амралт сувиллын газар нь "Байкальская гавань" эдийн засгийн онцгой бүс болон Буриадын хөгжлийн тэргүүлэх бүсэд багтдаг Горячинск тосгоны нутаг дэвсгэрт байрлах болно гэдгийг тэрээр дурьдав.
“Одоогийн байдлаар тус амралтын газрын байршилд долоон аж ахуйн нэгж ажиллаж, хөрөнгө оруулалтын төслүүдээ хэрэгжүүлж байна. Саявтар Горячинск хэсэгт найм дахь компани ажиллаж эхэлсэн”,- гэж Цыдыпова нэмж ярьжээ. Энэ нь “Чудо Байкал” хэмээх компани бөгөөд эднийх аялал жуулчлалын дэд бүтэц байгуулах, 456 га талбайд олон төрөл чиглэлийн үйл ажиллагаа явуулах “Лотос” хэмээх цогцолбор байгуулах төсөл хэрэгжүүлэх юм байна.
Байгаль нуур дээр усан аяллын үйлчилгээ хөгжүүлэхийн тулд “Водоходъ” компани цахилгаан хөдөлгүүртэй хөлөг онгоцууд үйлчилгээнд гаргахаар төлөвлөж байна. Эрхүү мужийн усан тээврийн хамгийн томоохон "Восточно-Сибирское речное пароходство" компани 2025 онд Байгаль нуур дээр тус бүр нь 148 зорчигчийн багтаамжтай хоёр гатлага онгоц ажиллагаанд оруулах юм байна.Энэ хоёр онгоцыг хэдийнэ барьж дууссан. Энэ онд туршилтад оруулж, ирэх 2025 онд аялалд гарна”, - гэж дэд сайд ярьжээ.
Хөлөг онгоцууд Байгаль нуурын баруун талын Ольхон арал болон Буриадын Турка боомтын хооронд аялах юм. Өөр нэг цэг нь нуурын зүүн хойд эрэг дэх Өвөр Байгалийн үндэсний парк болон Баргузины дархан цаазат газартай зэргэлдээ Усть-Баргузин тосгон байх юм байна. Эдгээр байгалийн тусгай хамгаалалттай газрууд Буриадад очиж буй жуулчдын дунд ихээхэн алдартай бөгөөд эндэхийн үзэсгэлэнт байгаль, халуун рашаантай жижиг тохойнууд, Байгаль нуурын нерпа буюу далайн хавны хэвтүүл газруудтай.
Эдгээр газарт жуулчдад зориулсан дэд бүтцүүд бий болгох, дархан цаазат газруудыг хамгаалах болон экологийн соёл гэгээрлийн ажлыг “Заповедное Подлеморье”-ийн ажилтнууд хариуцаж байна.
2030 оноос өмнө Байгаль нуур дээр жилийн турш ажиллагаатай, ор тас бохирдолгүй шинэ амралт сувиллын газар байгуулах тухай Оросын ерөнхийлөгч Владимир Путин Холбооны хуралд үг хэлэхдээ мэдээлсэн юм. Байгаль нуур дахь амралтын газрын барилгын ажил нь “Таван тэнгис ба Байгаль нуур” нэртэй томоохон төслийн нэг хэсэг гэдгийг төрийн тэргүүн мөн тодотгожээ.