Хиагт хотод Монголын анхны академич эрдэмтний цээж баримлыг байрлуулав
Хиагтын орон нутгийг судлах музейд Бямбын Ринчений цээж баримлыг бүтээж байрлуулах ажил 2023 онд эхэлжээ.
Хиагт хот дахь В.А. Обручевын нэрэмжит орон нутгийг судлах музейд Монголын анхны академич, нэрт эрдэмтэн Бямбын Ринчений цээж баримлыг байрлуулжээ. Оросын Бурхны шашинтнуудын тэргүүн, Хамба лам Дамба Аюшеев өөрийн телеграм сувгаар энэ тухай мэдээлсэн байна.
Бямбын Ринчен (1905-1977) нь Буриадын Хиагтын районы Большой Луг тосгоноос гаралтай юм. Тэрээр Верхнеудинск буюу өнөөгийн Улаан-Үд хотын багшийн техникумд сураад хэсэг монгол оюутны хамт Ленинградад үргэлжлүүлэн суралцахаар явж, Дорно дахин судлалын хүрээлэнд элсжээ.
Б.Ринчен 1927 оноос Монголын Судар бичгийн хүрээлэнд ажиллаж эхэлсэн байна.
Хэл шинжээч, утга зохиол судлаач Б.Ринчен МУИС-ын профессор болж, дэлхийн 20 орны 70 гаруй зохиолчдын 240 ном зохиолыг монгол хэлнээ хөрвүүлсэн юм. Тэдгээрийн дунд М.Горький, В.Маяковский, И.Эренбург, Н.Тихонов, М.Шолохов болон бусад суут зохиолчдын зохиол бүтээл байв.
2022 онд Б.Ринчений төрөлх Большой Луг сууринд түүнд зориулсан дурсгалын хөшөө босгожээ. Оросын Бурхны шашинтнуудын тэргүүн, Бандида Хамба лам Аюшеев тухайн үед “Агуу Александр Пушкин орчин цагийн орос хэлийг үндэслэсний адилаар Бямбын Ринчен шинэ цагийн монгол хэлний үндэс суурийг тавилцсан юм” гэж хэлж байв.
Б.Ринчений хөшөөг Хиагтын орон нутгийг судлах музейд бүтээж байрлуулах ажил 2023 оноос эхэлжээ. “Хиагтчууд алдар суут нутаг нэгтнийхээ дүрийг сургууль музейдээ мөнхөлж бахархаж байх эхлэл ийнхүү тавигдлаа” гэж мөн энэ нутгийн харьат Дамба Аюшеев Хамба лам итгэлтэй байна. Энд сануулахад, алдарт Цайны зам дээр байрладаг “Элсэн Венец” гэгддэг Хиагт хот 2027 онд 300 жилийн ойгоо тэмдэглэнэ.