Халимагт болсон цөлийн наадамд ОХУ-ын 50 бүс нутгийн адал явдал сонирхогчид цуглав
Тэмцээний нийт шагналын сан 736 мянган рубль байжээ.
Оросын олон бүс нутгийн адал явдалт марафон гүйлт сонирхогчдыг нэг дор цуглуулсан "Адык-Ультра-Трейл" наадам энэ сарын 16-ны өдөр Орос дахь хамгийн өргөн говь цөлөрхөг бүс нутаг бүхий Халимаг улсад боллоо.
Хоёр дахь удаагаа зохиогдсон тус наадмын хөтөлбөрийг гэр бүлүүд өргөн олноороо нэг өдрийг амарч тухалж өнгөрүүлэхээр бодож зохион байгууллаа, - гэж Халимагийн соёл, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын хөгжлийн хэлтсийн дарга Елена Манжикова мэдээлжээ.
"Адык суурингийн ойролцоох Черноземельскийн районы талд Халимаг нутгийн байгалийн ер бусын, сэтгэл булаам өнгө үзэмжийг бахдахаар хоёрдахь жилдээ Оросын өнцөг булан бүрээс адал явдалт марафон гүйлтийн хорхойтнууд, аялагч жуулчид олноороо хүрэлцэн очсон байна. "Адык-Ультра-Трейл" цөл дэх хоёрдахь удаагийн ультрамарафон наадам гүйлтийн нийт таван зайд уралддаг боловч 2023 онд “Ультра 100” баг 5 болон 10 км гэсэн ердөө хоёр богино зайд туршилтын гараанд уралдсан. Манай улсыг сонирхох жуулчдын сонирхол нэмэгдэж байгаа учир бид наадмынхаа хөтөлбөрийг бүх насны зочдод сонирхолтой байхуйц боломжит бүх хөгжөөн цэнгээнт арга хэмжээгээр баяжуулж байна,- гэж тэрээр ярилаа.
Халимагт сүүдэр газраа гэхэд 40 градусаас давж халж байгаа энэ өдрүүдэд марафонд оролцогчид болон амарч зугаалагчдын эрүүл мэндийг хамгаалахаар эмч эмнэлгийн ажилтнууд түргэн тусламжийн гурван машинтайгаар ажиллажээ.
Энэ арга хэмжээний хүрээнд оросын янз бүрийн бүс нутгаас очсон 25 автомашины хурд хүчийг шалгах техник спортын "Хан Бархан" наадам "Элсэн бархан" хэмээх газарт боллоо. Эндэхийн говьд квадроцикл, морь, тэмээ унаж, нум сум харвах сургалтад хамрагдаж, агаарын могой хөөргөн, DJ Джанки болон DJ Мактал нарын цахилгаан хөгжмийг сонсон таашаах боломжтой байжээ. Мөн энэ наадмын талбайд зочид гийчид халимаг үндэстний хамгийн өргөн дэлгэр хоол зоогуудыг хүртэж болох зоог барих хэсэгтэй байснаас гадна “Нүүдэлчний ахуй” нэртэй угсаатны үзэсгэлэн ажиллаж байв.
"Адык-Ультра-Трейл" адал явдалт марафон гүйлтийг зохион байгуулагчдын ярьснаар, энэ жил тус наадамд Оросын 50 бүс нутаг болон Киргизээс мэргэжлийн тамирчид болон сонирхогчид оролцжээ. Нэр цуутай тамирчид дунд тухайлбал, оросын марафон болон дээд марафоны тамирчин, The Comrades хэмээх хамгийн олон хүнтэй дээд марафоны дээд амжилтыг эзэмшигч, Олимпийн наадмын оролцогч Леонид Швецов, Tor des Geantsа-ийн амжилттай оролцогч бөгөөд италийн Альп дахь гарааны оролцогч Геннадий Дубровин, мөн Умард туйлын бүсийн 10 гаруй дээд амжилтыг эзэмшигч Александр Еликов нар байжээ. Уралдааны явцад тамирчид тэргүүн байрын төлөө өрсөлдөхийн зэрэгцээ, “Дуут элс” хэмээх элсэн манхан, Меклетиний ягаан нуур, газрын гүнээс оргилдог давст булаг зэрэг Халимагийн байгалийн гайхамшигуудыг үзэж бахдажээ. Уралдааны шагналын нийт сан 736 мянган рубль байсан юм.
Наадам 23.00 цагт галт наадмаар өндөрлөжээ.