Буриадын тамирчид олон улсын спортын БРИКС-2024 наадмаас дөрвөн алт хүртэв
“Номто” спорт клубээс тус олон улсын спортын наадамд оролцсон дөрвөн тамирчин дөрвүүлээ алдрын тавцанд гарч нэрээ мандуулав.
Энэ зургадугаар сарын 11-24-нд Татарстаны нийслэл Казань хотод БРИКС-ийн орнуудын спортын наадам (2024 BRICS Sports Games) боллоо. Энэ нь БРИКС эдийн засгийн бүлэгт багтдаг орнуудын зохион байгуулсан олон улсын спортын өндөр түвшний тэмцээн юм. Тэмцээн уралдаануудад дэлхийн 90 гаруй улсын тамирчид оролцов.
65 кг-ийн жинд Оросын багийг төлөөлсөн Валерия Дондупов Беларусь улсын Татьяна Павловаг хугацаанаас өмнө 15:4 оноогоор ялалт байгуулж финалд гарсанаар Узбекистаны Динора Рустамоваг ялж алтан медаль хүртлээ.
Баир Батлаев Азербайджан улсын тамирчин Масуд Юсифзад, Узбекистаны Асылбек Жалилов, Венесуэлийн Андрас Ков нарыг илт давуу ялжээ. Бүх тулааныг “Номто” спорт клубын тамирчин Батлаевын илт давамгайллаар явагдав. Өрсөлдөгчид Баирын техник, хурдыг гүйцэх юу ч хийж чадахгүй байсны эцэст буриадын тамирчин 51 кг-ийн жинд оросын багийн “алтан медаль”-ийг хүртэв.
Людмила Воронцова хагас финалд Беларусь улсын Юлия Мулярчикийг шүүгчдийн саналаар ялсан бол, финалд Энэтхэгийн Сакши Саудхари-д ямар ч боломж олгохгүй байсаар 57 кг-ийн жингийн ангилалд хамгийн өндөр алдрын тавцанд гарлаа.
75 кг-ийн жинд өрсөлдсөн Елена Гапешина өөрийн довтлох барилаар тулалдсаар Энэтхэгийн Рани Пуджа, Узбекистаны Азиза Закирова нарыг ялж "БРИКС-2024" спортын наадмаас алтан медаль хүртсэн “Номто” клубын дөрөвдэх тамирчин болов.
Беларусь улсыг төлөөлж 57 кг-ийн жинд оролцсон Буриадын өөр нэг тамирчин Димчик Батомункуев урьдчилсан шатны тулаанд Азербайжаны Махир Маммадзадыг 12:2 оноогоор хугацаанаас өмнө ялсан боловч хагас финалд Узбекистаны Нодирбек 3:5-ийн харьцаатай ялагдав. Хүрлийн төлөө тулаанд Батомункуев 12:6-оор Казахстаны Абзал Океновыг ялж, хүрэл медаль хүртжээ.