Буриадын Хиагт хот болон Наушки өртөөн дэх гаалийн цэгүүдийг шинэчилнэ
Долоодугаар сарын 26-ны Баасан гарагт Холбооны гаалийн албаны дарга Валерий Пикалёв Буриадын Хиагтын районд байрлалтай Хиагтын болон Нуашки төмөр замын боомтод ажлын айлчлал хийжээ.
– Хиагтын олон улсын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэг нь орос-монголын хил дээрх хамгийн том боомт юм. 2021 онд шинэчлэгдсэн тус боомт хил гаалийн хяналтын хамгийн сүүлийн үеийн системээр тоноглогджээ. Өдөр тутам үүгээр 1700 орчим хүн, 500 гаруй суудлын, ачааны 70 гаруй тээврийн хэрэгсэл орж гардаг. Оргил ачааллын үед тус боомтын нэвтрүүлэх чадавх 1,5-2 хүртэл дахин нэмэгддэг. Буриад улсад төдийгүй Оросын олон улсын худалдаанд өндөр ач холбогдолтой тус боомтыг хөгжүүлэх ажлууд үргэлжлэн хийгдэнэ, – гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов тэмдэглэн хэлэв.
Хиагт дахь олон улсын авто тээврийн шалган нэвтрүүлэх цэг Хиагт хот дахь холбооны А-165 авто замын 235 дугаар км-т байрладаг. Одоогийн байдлаар хоногт, 1 мянга хүртэл тооны тээврийн хэрэгсэл, 5 мянга хүртэл тооны хүн нэвтрүүлэх хүчин чадалтай. Тус хилийн боомтын шууд хяналтын байгууллага нь Оросын тээврийн яамны «Росгранстрой» Холбооны улсын төрийн байгууллага юм. Суудлын автомашинууд нэвтрүүлэх дөрөвдэх зурвас бий болгох, мөн энэ төрлийн автомашинуудыг ая тухтай шалгах гүүрэн гарцаар тоноглох тухайд «Росгранстрой» төлөвлөжээ.
Наушки төмөр замын шалган нэвтрүүлэх боомт нь өнөөдөр Оросын олон улсын ачаа эргэлт, олон улсын тээврийн зорчигч тээврийн 80 гаруй хувийг бүрдүүлж байна. Холбооны түвшинд Наушки төмөр зам нь улс орны эдийн засгийг зүүн тийш чиглүүлэх гол үүрэг гүйцэтгэдэг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, 2030 он гэхэд Наушки өртөөгөөр дамжин өнгөрөх ачаа тээврийн хэмжээ 20 сая тоннд хүрч нэмэгдэнэ. Ойрын жилүүдэд "Росгранстрой" болон "Оросын төмөр зам" ХК-тай хамтран төмөр замын уртыг нэмэгдүүлэх, гаалийн хяналтад зориулж станцын шилжүүлэн ачих цогцолборыг сэргээн засварлахаар төлөвлөж байна.
- "Росгранстрой" болон "Оросын төмөр зам"-ын төлөөлөгчид хооронд үр бүтээлч яриа хэлэлцээ өрнүүлж байгааг бид өнөөдөр харж сонслоо. Гаалийн цэгийг шинэчлэх ажлын төлөвлөгөө, хугацааг нарийвчлан тогтоосон байна. Ажил урагштай байна. Буриадын гаалийн ажилтнуудад боловсон хүчин, орон сууцны асуудал тулгараад байгаа бөгөөд бид хамтарч шат дараатай шийдвэрлэх болно. Ерөнхийдөө Буриадад ажил хэргийн байдал тун сайн явцтай байна” гэж Холбооны гаалийн албаны дарга Валерий Пикалев хэлэв.
Урд талаараа Монгол Улстай хиллэдэг Буриад улсын нутаг дэвсгэрт (улсын хилийн урт 1042.96 км) Улаан-Үд, Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомт, Наушки төмөр замын боомт, хоёр чиглэлийн автомашины шалган нэвтрүүлэх “Монд” боомт гэсэн дөрвөн гаалийн пост байдаг. Улаан-Үдийн гаалийн газар нь хагас үнэт чулуу болох хаш чулууг ОХУ-д мэдүүлдэг цорын ганц газар юм. "Улаан-Үд" (Мухино) шалган нэвтрүүлэх цэг нь Улаан-Үд хотын “Байкал” нисэх онгоцны буудалд байрладаг бөгөөд Зүүн Өмнөд Азийн орнууд руу гарах гарц болдог.
Хоёр чиглэлд автомашин шалган нэвтрүүлэх “Монд” боомт нь хамгийн алслагдмал байршилтай боловч аялал жуулчлал эрчимждэг зуны улиралд эндэхийг 170 гаруй тээврийн хэрэгсэл, 600 орчим хүн дайран өнгөрдөг. Далайн түвшнээс дээш 1839 метрийн өндөрт оршдог тус хилийн боомт нь өнөөдрийн байдлаар, Алс Дорнодын Гаалийн газрын хамгийн өндөрт байрлалтай цэгт тооцогдож байна.
Буриадын хил гаалийн нийт ачаа эргэлт 2024 оны эхний хагаст 2023 оны мөн үетэй харьцуулахад 10 гаруй хувиар нэмэгдэж, 4,300 мянган тоннд хүрсэн байна.