Юрий Кручкины Орос-Монгол нэвтэрхий толь хэвлэлтээс гарав
Юрий Кручкины Орос-Монгол нэвтэрхий толийн 5 дахь хэвлэлтийг Москва дахь “Серебрянные нити” хэвлэлийн газраас эрхлэн гаргажээ.
Монгол улсын бүх аймаг сум, ашигт малтмалын ордууд болон аялал жуулчлалын дурсгалт газруудын тухай орос хэл дээрх анхны бүрэн цогц мэдээлэл бүхий тус нэвтэрхий толинд нийт 9000 зүйл мэдээлэл багтсан байна.
ЗХУ болон ОХУ-тай холбоотой монгол хүмүүс болон Монголтой ямар нэг байдлаар холбогдсон орос хүмүүсийн 3000 гаруй намтрыг мөн оруулжээ.
Халхын голын байлдааны үеэр ЗХУ-ын баатар цол хүртсэн бүх хүний талаарх мэдээллийг анх удаа оруулж өгсөн онцлогтой байна. Эндээс уншигчид кино найруулагч Леонид Гайдай, жүжигчин Николай Караченцев, зохиолч Михаил Веллер зэрэг алдар цуутай олон хүн Монгол оронтой ямар холбоотойг мэдэж авах юм.
-БНМАУ-д төмөр зам байгуулах ажилд оролцсон цэргийн анги нэгтгэлүүдийг янз бүрийн цаг үед удирдаж байсан Зөвлөлтийн армийн төмөр замын цэргийн командлагчид, дарга удирдлага цөөнгүй хүний талаар мэдээ материал олж, боловсруулж илгээхэд нь би Юрий Николаевичд туслахыг чармайж байлаа. Одоогийн Монгол улсын тээврийн системийн үндэс суурийг тавихад эдгээр хүмүүсийн оруулсан хувь нэмрийг Монгол, Орос хоёр орны аль аль нь дурсан санаж байх учиртай гэдэг дээр би зохиогчтой бүрэн санал нэгддэг. Одоо харин монголчууд өөрсдөө ч шинэ чанартай төмөр замыг богино хугацаанд барьж байгуулах чадвартай гэдгээ нотолсон. Гол нь хоёр орны уншигчид бидний хамтдаа туулж өнгөрүүлсэн он жилүүд, ер өнгөрсөн түүхээ, ялангуяа өнөөгийн хурдацтай хөгжиж байгаа Монгол улсын үндэс суурийг тавьсан хүмүүсийг мартахгүй байх нь чухал юм гэж Оросын Төмөр замын ахмад ажилтан, Оросын “Монголын анд нөхдийн нийгэмлэг”-ийн гишүүн Сергей Лелеко бичжээ.
Түүнээс гадна Нэвтэрхий толийн зохиогч Юрий Кручкин 20-21 дүгээр зууны бүх Монгол судлаачид, тэр дундаа төр, олон нийтэд онцгой танигдсан судлаачдын талаар дэлгэрэнгүй өгүүлжээ.
Нэвтэрхий толийг англи, япон хэл рүү хөрвүүлэх ажил мөн хэдийнэ эхэлжээ.
В сюжете: РоссияМонголияэнциклопедия