Монгол дахь “Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн” ажиллагаанд оролцогчид 7,5 мянган нарс мод суулгав
Халхын голд зөвлөлт, монголын цэргүүдийн байгуулсан ялалтын 85 жилийн ойд зориулж Монгол улсад “Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн”-гийн эхийг тавив.
Буриадын Бичурын районоос “Лесресурс” компанийн ажилтнууд энэ ажиллагаанд зориулж нарсны суулгацууд тээвэрлэн хүргэжээ.
Мод тарих үйл ажиллагаа Сэлэнгэ, Төв аймгуудад болж өнгөрлөө.
Төв аймгийн засаг даргын орлогч Ж.Даш-Яйчил “Энэ буянтай үйлсийн төлөө Буриадын Засгийн газрын тэргүүнд болон тус улсын ойн аж ахуйн албанд хувиасаа болон аймгийнхаа ард иргэдийн өмнөөс гүн талархлаа илэрхийлье” гэж мэдэгджээ.
2500 суулгацыг хил орчмын Сэлэнгэ аймагт суулгажээ. Энд сануулахад, өнгөрсөн онд Буриадын засгийн газрын тэргүүн Алексей Цыденов байгалийн цогцолбор паркийн дэвсгэр газарт төгөл байгуулж, монголын талд 5,5 мянган залуу нарс бэлэглэж байсан юм.
5 мянган суулгацыг мөн Төв аймгийн Соёлын өвийн төвийн дэвсгэр газарт суулгав. “Дурсамжийн цэцэрлэгт хүрээлэн” байгуулах үндэс суурийг тавих ажилд Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн ажилтнууд идэвхийлэн оролцсон байна. “Орос, Монголын ард түмнүүдийн нандигнан хайрладаг найрамдын бэлгэдэл болж эдгээр мод монголын талд ургах болно” гэж Монгол дахь Россотрудничество агентлагийн тэргүүн Валерия Кильпякова ярив.
Төв аймгийн удирдлагуудын Буриадад хийсэн ажлын айлчлалын үеэр 2024 оны өвөл энэхүү үйл ажиллагааг анх төлөвлөсөн юм.
“Энд суулгасан модод зөвхөн манай хоёр ард түмний ариун нандин холбоо хэлхээг ирээдүй хойч үед өвлүүлэн дурсуулах үйлсэд тустай төдийгүй, Монгол улсад хурцаар тулгамдаж байгаа цөлжилттэй тэмцэхэд ач холбогдолтой юм. Хэдэн арван жил өнгөрсөн хойно ч тэртээ дайнд оролцсон цэрэг офицеруудын баатарлаг түүх өнөөгийн бидэнд үр шимээ өгсөөр байна. Эдгээр модод тэрхүү баатарлаг түүхэн дурсамжийн бэлгэдэл болж өнөөдрөөс ийнхүү монголын хээр талд ургах болно” гэж Буриадын тэргүүн Алексей Цыденов энэ ажиллагааны талаар ярьсан юм.