Тува болон Монголын эрдэмтдийн хамтарсан төсөл олон улсын тэтгэлэг хүртэв
Төслийн үндсэн зорилго нь Тувагийн түүхтэй холбоотой эртний монгол хэл дээрх архивын баримт сэлтийг орос болон монгол хэлэнд хөрвүүлэх юм.
Орос, Монголын эрдэм шинжилгээний байгууллагууд “Олон улсын эрдэм шинжилгээний багууд хамтран суурь судалгаа, эрэл хайгуул явуулах нь” сэдэвт арга хэмжээний тэтгэлэг олгох олон нийтэд нээлттэй уралдаан зарлажээ. Анхны уралдааны хоёр талын шалгаруулалтын дүнгээр 17 эрдэм шинжилгээний бүтээлийг сайшаав. Үүнд: Бүс нутгийн ач холбогдолтой шинжлэх ухааны байгууллага болох Тувагийн Засгийн газрын дэргэдэх Хүмүүнлэгийн болон хэрэглээний нийгэм-эдийн засгийн судалгааны хүрээлэн ТИГПИ-ээс толилуулсан “Тува-Монгол: “Тувагийн түүхийн архивын баримтын түүвэр” 4 боть эх сурвалжийн түүвэр” төсөл нь Тува улсаас дэмжигдсэн цорын ганц төсөл болж, бусад нь Холбооны чанартай их дээд сургуулиуд, томоохон хүрээлэнгүүдээс өргөн баригдсан төслүүд байжээ.
Энэ төслийн үндсэн зорилго нь хуучин монгол хэл дээрх Тувагийн түүхтэй холбоотой архивын ховор чухал баримт түүврүүдийг орос, монгол хэл рүү хөрвүүлэх юм. Тэдгээр асар баялаг материалын ачаар Тува Цинь гүрэнд эзлэгдсэн XVIII зуунаас авахуулаад 1921 онд Бүгд найрамдах Тува улс байгуулагдах хүртэлх хугацаан дахь Тувагийн түүхийн өмнө судлагдаагүй хуудсуудыг нээн ил болгох боломж бүрдэх юм.
Тувагийн талаас төслийн удирдагч нь ТИГПИ эрдэм шинжилгээний ахлах ажилтан, хэл шинжлэлийн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, Тувагийн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Антонина Донгак бол, монголын талын удирдагчаар түүхийн ухааны доктор, Тувагийн шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор С.Надмид байв. Тус эрдэм шинжилгээний баг Тува, Монголын түүх, хэлний түүхийн харьцуулсан судалгаа, олон хэлнйи болон нэр томъёоны толь зохиох салбарт ихээхэн туршлагатай байна. Төслийг 2024-2026 онд хэрэгжүүлэх тооцоотой байна. Энэ ажлын дүнд түүх судалгааны ховор материалууд ил болж, бас орос-монголын эрдэм судлалын хамтын ажиллагааны хүрээ мэдэгдэхүйц өргөжих юм.